Хамгийн эхний өдөр нэгэн бага сургууль дээр очин тэнд явуулж байгаа шүдний холбогдолтой ажлуудтай танилцсан билээ.
Миний ойлгосноор Японы бага сургуульд эрүүл мэндийн хичээл, шүдний хичээл нь жилдээ тодорхой орох цагтаа гэвч энэ цаг нь хангалтгүй гэж сургуулийн захирал үзсэн тохиолдолд Боловсролын Яаманд өргөдөл гарган их сургуулийн шүдний багштай зөвлөж байгаад шүдний хичээлийг 1 сар workshop маягаар эрчимтэй явуулдаг юм билээ. Дээр нь Боловсролын Яамнаас зөвшөөрөл авснаар хүүхдийн эрүүл мэндийн сургалтанд зориулж сургуульд төсөв орж ирдэг тул гаднаас шүдний эмч, эрүүл ахуйч, багш, 70-80 насандаа хүртэл шүдээ эрүүл байлгаж Японд 80 насандаа 20 шүдтэй байя буюу 8020 хөдөлгөөний зорилгод бүрэн хүрсэн өндөр настангуудыг дуудан ирүүлж яриа, хичээл заалгадаг юм байна. Энэ бүх сургалтын хөтөлбөр тухайн бага сургуулийн захирал, багш нарын хүсэлтээс үүдэлтэй байдаг ба багш нар ч эрүүл мэндийн хичээлийн агуулгыг өөрсдөө янз бүрийн ном, интернетээс мэдээллийг авж бэлтгэдэг бөгөөд мэдээллийн зөв бурууг, мөн хүүхдэд хэрхэн хүргэх вэ гэдгийг хүүхдийн шүдний багш буюу эмчтэй зөвлөлддөг юм билээ.
Тэгэхээр тухайн өдрийн бидний хийсэн ажлын дарааллыг товч танилцуулвал:
1. Анги тус бүр буюу 1-6- р ангиуд бүлэг бүлгээрээ ирж хүүхэд бүрт амны хөндийн шинжилгээ эсвэл үзлэг хийнэ. Сургуулийн шүдний хөтөлбөр маань хэдэн жилээр явагддаг тул би дундаас нь л оролцсон юм.
Амны хөндийн үзлэгт:
- шүдний цоорол аль шүд нь аль хэсэгтээ хэр зэрэг гүнзгий цоорсон
- буйлны үрэвсэл буйл нь үрэвсэж улайсан байна уу
- зуултын байдал шүдээ хазахдаа хэвийн зууж байна уу, хэвийн бус тохиолдолд яваандаа эрүү нүүрний гажиг буюу шаамий эсвэл орсгой гм болох магадлал өндөр
- өнгөр шүднүүд нь хэр их өнгөртэй байна вэ, хаагуураа шүдээ сайн цэвэрлэж чадахгүй байна вэ гэх зэрэг мэдээллүүдийг өгдөг.
- өнгөрөөс арчдас авч ямар төрлийн шүд цооруулах бактери байгаа вэ гэдгийг шинжилдэг. Дүнгээс нь хамаараад цаашид шүдээ хамгаалахдаа юун дээр илүү анхаарах вэ гэдгийг хэлж өгнө. Өөрөөр хэлбэл шүд нь цоорох аюулын түвшинг илэрхийлнэ гэсэн үг.
- зуултын хүчийг тодорхойлно
- уруулын хүчийг тодорхойлж нүүрний булчингуудын хөгжлийн талаар мэдээлэл авна
- амны чийгшилтийн байдлыг шинжилж жирийн үед шүлс хэр их ялгарч байгааг тодорхойлно. Шүлс их ялгарах тусмаа шүд цоорох магадлал буурах учраас ам нь хатдаг эсэхийг мэднэ
- мөн бохь зажлуулаад идэвхтэй үеийн шүлсний ялгаруулах чадварыг шинжилнэ
- эцэст нь хүүхэд бүрийн амны хөндийн зургийг авж жил болгон харьцуулан үзэж өөрчлөлтийг нь ажиглана.
2. Дараа нь багш нартай уулзаж заах явцдаа мэдэхгүй байсан, хүүхдүүдийн асуултанд хариулж чадахгүй байсан, эцэг эхийн санаа зовсон асуултанд хэрхэн зөвлөгөө өгөхөө мэдэхгүй байсан асуудлуудыг шийдэхэд зөвлөгөө өгөн сэтгэгдлийг нь сонссон. Бага сургуулийн багш нар нь тун идэвхтэй асууж зөвлөгөө авж байсан нь миний сэтгэлийг их татсан.
3. Эцэст нь багш нар цаашид шүдний тухай хичээлээ ямар хэлбэрээр ямар материал ашиглан ойлгомжтой туршилт хийж хүүхдэд ойлгуулах гэж байгаа талаараа товч танилцуулан зөвлөгөө авж байсан.
Манай багшийн хувьд энэ бүх ажлыг зохицуулж хийгээд өөрт нь хамгийн сонирхолтой санагддаг зүйл нь юу вэ хэмээн асуухад бага ангийн багш нар хүүхдэд юм ойлгуулахдаа мэргэжлийн байдаг учраас тэр арга барилыг нь хичээлд нь оролцонгоо суралцдаг нь хамгийн сонирхолтой байдаг гэж байсан билээ. Үнэхээр багш нарын заах аргыг нь сонсож байгаад, асууж байгаа асуулт нь тун сонирхолтой байсан ба маш чадварлагаар хүүхдүүдтэй харьцаж байсан. Бүх хүүхдүүдийг яг дэс дарааллын дагуу зохион байгуулалттай зохицуулж байсан нь гайхамшигтай байсан.
Энэ үед японы 先生( 師匠・教師・医師・弁護士を敬って呼ぶ語。)гэдэг үгний мөн чанарыг мэдэрсэн билээ. Манай багшийн хэлж байснаар яагаад эдгээр хүмүүсийг японы нийгэмд тусгайлан хүндэлдэг вэ гэвэл нийгмийн хамгийн амтгүй ажлыг хийдэг учраас гэж тайлбарлаж байсан юм. Дээр нь нэгэнт бусдын хүндэтгэлийг хүлээж байгаа мэргэжилтэй хүн нийгмээс мөн тэр хэмжээгээрээ шүүмжлэлд илүү өртөх учраас эдгээр мэргэжил эзэмшсэн хүмүүс тун хариуцлагатай байх ёстой гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, эмчийн ёс суртахууны тухай кинон дээр "чи эмнэлэгт ч байсан, гадаа гудамжинд архи ууж ч байсан 先生 гэдэг нэрийг нэгэнт зүүсэн бол ямар ч үед энэ хариуцлагаа ухамсарлаж явах ёстой" гэж ярьж байсан юм. Тийм ч учраас эмч, багш нар тамхи татаж байвал, эмч, багш,өмгөөлөгч нар хурд хэтрүүлвэл, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдвол сонин дээр гарч хуулийн өмнө бусдаас илүү хатуу хариуцлага хүлээх болдог бололтой.
Баахан ярианаасаа хадуурсан боловч эцэст нь бага сургуулийн хамгийн гол болгодог хичээл нь эх хэл, математик, эрүүл мэндийн хичээл байдаг гэж хэлж байсан.