Thursday, September 21, 2006

Зуны амралт

Зоригтын блогийг уншаад ойрд блогоо анхаараагүйгээ саналаа. Юу ч гэсэн дуурайгаад зуны амралтынхаа үед бодогдсон зүйлээсээ бичие.

Энэ жилийн амралт маань миний хувьд тун завгүй болж өнгөрсөн.
Монголдоо очсон дараачийн өдрүүдээс эхлээд амжуулах ёстой ажилдаа орсон.
Энэ зун "Болдоогийн адал явдал" зурагт номоо бүр мөсөн худалдаанд гаргахаар бодож явсан боловч хэвлэлийн компанитайгаа холбоо багатай байснаас болоод янз бүрийн дутуу бичигдсэн, буруу хэвлэгдсэн юм байсан тул засуулахаар хүлээлгэсэн.
Дээр нь "Тойрог" сангийнхаа зуны хөтөлбөрийн бэлтгэл, ажил гээд завгүй байсан. Хүмүүс тун идэвхтэй оролцож янз бүрийн талаас тусласан болохоор үр дүнгээ ч өгж зохион байгуулсан ажлууд маань тун амжилттай болсон.
Монгол-Японы төв дээр хийсэн "Хоол ба эрүүл мэнд" нэртэй симпозиум
Найрамдал хүүхдийн зуслан дээр хийсэн 5 хөтөлбөр маань ч тун амжилттай болж хүүхдүүдээс ч гэсэн талархал хүлээж байсан. Энэ бүх ажлууд маань оролцсон "Тойрог сан"-гийн гишүүдийн нэгдэл, хамтын хөдөлмөр мөн хамтран ажиллах байгууллагуудын зохион байгуулалт амжилтанд хүргэсэн.
Найрамдал зуслангийн захиргаатай ярилцах үед миний ярих чадварын доголдлоос ажил маань бүрэн хөтөлбөрөөрөө хэрэгжихгүй болох шахсан. Гэхдээ хамт явсан нөхөд маань бүгд нэгдэн миний яриаг заавал байлгахаар хичээн ажилласанд би үнэхээр баярласан. Хамт зохион байгуулсан бүх гишүүддээ ахин баярлалаа гэж хэлье.
Зуны хөтөлбөр маань дууссаны дараа миний шүдний эмнэлэг дээрх дадлагын ажил маань эхэлсэн. Японы шүдний сургуулийн 3-р курс тул мэргэжлийн хичээл ороогүй үүнээс хүн дээр үзлэг хийх боломжгүй байсан. Зургаа хоног хүлээн авахын ажилд туслалцан хүнтэй харьцах харьцаа ялангуяа монгол хүнтэйгээ харьцахдаа суралцах юм их байгааг мэдэрсэн. Өнөөг хүртэл ажил дээр дандаа л япон хүмүүстэй харьцдаг байсан болохоор миний хувьд монгол хүнтэйгээ харьцах дадлага дутагдаж байсан.
Амралтынхаа үеэр Монголд жил бүр ирж үзлэг эмчилгээ хийдэг бариа засал, зүү төөнүүр, ясны эмч нартай Гэмтлийн эмнэлэг, 1-р эмнэлэг дээр ажилласан. Миний хувьд хэдийгээр орчуулагч хийж байсан боловч янз бүрийн мэдээлэл сонсох гэдэг утгаараа тун сонирхолтой байсан. Хамгийн цочром зүйл гэвэл монгол хүүхдүүд маань түнхний мултрал ихтэй гэдгээрээ дэлхийд нэлээн дээгүүр ордог гэтэл энэ чиглэлээр Монгол улс даяар ганцхан эмч мэргэшсэн юм билээ. Шалтгаан нь угийн тийм байж болох авч өлгийдөлт, хүүхдээ буруу тэврэлт, бага наснаас нь чихэрлэг ундаа, шүүс, амттан өгөх гээд олон хүчин зүйл байдаг бололтой. Монголд өвчин рүү чиглэснээсээ илүү урьдчилан сэргийлэлт рүү чиглэсэн анагаах ухааны хөгжил шаардлагатай юм болов уу гэж бодогдсон.
Найман сарын сүүлээр Энэрэл-дент эмнэлгийн шугамаар манай сургуулиас манай ангийн 3 охин, 2 багш ирсэн.
Энэрэл-дент эмнэлэг дээр 9-р сарын 4-ний өдөр Япон Монгол оюутнуудын уулзалт болсон.
Япон оюутнууд маань "Японы шүдний салбарын түүх, хийж ирсэн алдаа ба тэдгээрийн шийдэл" сэдвээр маш гайхамшигтай илтгэл тавьсан. Шүдний эмч болох гэж байгаа оюутнууд, шүдний эмч нарт мэргэжил ба нийгмийн холбоотой ухаалаг мэдээлэл өгсөн.
Монгол талаас ЭМШУИС-ын НАСС, "Ач" анагаах ухааны их сургуулийн НАСС-ын оюутнууд оролцсон ба "Монголын шүдний салбарын түүх","Нүүр Ам Судлаач Оюутны Нийгэмлэгийн гадаад харилцаа" сэдвээр сонирхолтой илтгэлүүдийг тавьсан. Дараа нь ЭМШУИС-ын НАСС-ын 12 оюутантай сагсны тэмцээн зохион байгуулж 2 баг хүчээ үзсэн. Монголын талаас "Хайрын хүч" баг, Япон ба Монголын холимог баг "Haribos" 2 тоглосноос сүүлийнх нь 3 оноогоор илүү хожсон билээ. Яагаад холимог баг үүсгэсэн бэ гэвэл япон багт маань төвийн тоглогч байхгүй дээр нь 2 нь сагс тоглодоггүй байсан юм. Нэг инээдтэй зүйл гэвэл холимог багийн япон гишүүд маань Монголд байх хугацаандаа өдөр болгон Haribo чихрийг идэж байсан юм. Магадгүй япон найзууддаа Haribo чихрийг бэлэглэвэл баярлаж магадгүй гэж бодсон шүү.
Мөн Энэрэл-дент эмнэлгийн япон эмч нартай хамтарсан гадуур үзлэгүүд хийгдсэн. Миний хамт явсан газар маань орон нутаг дахь үзлэг байсан ба тэр үед эрүүл мэндийн үзлэг, амны хөндийн үзлэг, эмчилгээ, сургалт явуулсан. Орон нутгийн иргэд маань хотын иргэдээс хөдөлгөөнтэй байдаг тул таргалалт харьцангуй бага байсан. Харин даралт ихсэлт, шүдгүйдэл, амны хөндийн өвчин их байгаа санагдсан. Дээр нь ярианаас нь орон нутгийн хатуу цаг уур амьсгалыг мэдэрсэн шүү. Эмнэлэг байхгүйгээс гэртээ амаржих, нөхөр нь хараа муутай, мал дээр явж байгаад шуурганд гэрээ олохгүй төөрөн, хөлдөөд нас барсан тухай,ийм учраас амаржаад сар л болсон бүсгүй араг үүрээд малаа хариулах зэрэг хүнд амьдралын тухай мэр сэр сонсогдож байсан.
Манай сургуулиас гадна өөр япон эмч, ажилтнууд ирсэн ба тэдгээрийн семинар ажлаас маш их мэдээлэл олж авсан.
Тэд нартай хамт ажиллах явцдаа "Түмэн эх" чуулганы концерт, "Их шүтээний домог" хэмээх циркийн үзүүлбэрүүдийг үзсэн. Монголдоо харихаараа цирк заавал үзээрэй гэж гадаад байгаа уншигчиддаа захимаар байна. Мөн өглөө 7 өнгөрөөгөөд 8 өнгөртөл Зайсан толгойгоос хот тун үзэсгэлэнтэй харагддаг юм билээ. Нэг өдөр эрт босоод үзэхэд илүүдэхгүй шүү.
Эцэст нь судлагааны зорилгоор төрөлх сургууль дээрээ очиж 2-р ангийн 40 хүүхдийн зуултын хүч тодорхойлсон. Энэ үед эрүүл амны хөндийтэй нэг ч хүүхэд байхгүй, ихэнх нь цоорсон эмчлэгдээгүй шүдтэй байсан. Миний бодлоор энэ хүүхдүүдийн амны хөндийн байдал хотын сургуулиудын ижил насны хүүхдүүдийн байдлыг төлөөлж байгаа байх.
Энэ зун миний хувьд маш үр бүтээлтэй амралт болж өнгөрлөө.

4 comments:

Anonymous said...

Tsasan chi shuu. Их ажил амжуулжээ. Монгол харихаараа гэртээ бүгэх биш ингэж гадуур явж үзнэ ээ. хэ хэ.

Anonymous said...

Сайн байна УУ? Чиний блогийг уншаад хийж бүтээх их урам зориг авлаа. Чамаас зөвлөгөө авахыг хүсч байна. Монголд аль шүдний эмнэлэг сайн бэ? Энэ талаар хэлж өгвөл баярлах байна.

Tsasan said...

Bugdeeree thx. Manai Toirogiinhon maani ene jil ih oluulaa baisan bolohoor ajlaa huviarlaj avaad uneheer goy yumaa hiij chadsan. Deer n bidend mash ih tuslasan Anhaa gedeg naiz baisan bolohoor ene jil ch uneheer rock!!!
Shudnii emnelguudiin huvid gevel Mongold olon sain emneleg baigaa. Gehdee medeej ooriinhoo dadlaga hiij baisan Enerel-dent-ed ochihiig zovloj baina.Ochihiinhoo omno utasdaad nomer avsan n deer shuu.

Anonymous said...

Сайн байна уу.Зөвөлгөө авах гэсэн юмаа,гажаад цаашид ургахааргүй цоорсон агт арааг авхуулахгүйгээр ломбодуулбал авхуулсанаас дээр үү.ер нь агт арааг хэрэггүй гээд байх юм үнэн үү.Бас араануудын дотор талууд угаараа харлаад, чулуужна гэдэг билүү дээ, зарим нь цоорсон шүдийг шингэн ломбоор ломбод гэж "шүд эрүү нүүрний эмгэг судлал"-ын эмч хэлсэн, манайд шингэн ломбо байхгүй учир янзлахгүй гэсэн.Тэгээд шингэн ломбо тавьдаг ганц Энэрэл-дент эмнэлэг гэж сонссон.Шингэн ломбоор янзлуулбал цаашид шүд өвчилж цоорохгүй юу.усан ломбо, шингэн ломбо 2 адилхан 1 зүйл үү.Эдгээрт яаралтай хариулна гэж найдаж байна, баярлалаа.