Friday, December 30, 2016

Эрүүл мэнд ба хоол тэжээл 3

Эрүүл мэнд 40 хүртэл

Эрүүл мэнд бол 40 насаар зааглагддаг. Учир нь 40 наснаас хойш ходоодноос тэжээлийн шимэгдэлт буурч эхэлдэг. Тухайн өдрөөс хамаарч хоол боловсруулах замын байдал амархан өөрчлөгддөг. Хэрэв та ходоод муутай эсвэл 40 нас даваад явж байгаа бол ходоод болон гэдэснийхээ байдлыг сайжруулж байгаад хоол тэжээлээ сайжруулах талаар анхаараарай. Хэрэв 40 гарсан ч мах идсний дараа бие чинь хүнд санагддаггүй бол таны ходоод сайн байна гэж ойлгож болно. Ходоодоо хэрхэн сайжруулах тухай жичид нь бичнэ.

Дараагийн шалтгаан бол 40 гараад ирэхээр кальцийн шимэгдэлт багасдаг. Ясны хэмжээ ихсэх нь  20 нас хүртэл байдаг ба тэрнээс хойш бага багаар багасаж байдаг. Иймээс 40 гарснаас хойш идэвхтэйгээр кальци биедээ хоолоор авахад анхаарах ёстой.

Эцэст нь болгоомжлох ёстой зүйл бол булчингийн хэмжээ. Булчин бол 30 өнгөрөөд ирэхээр багасаж эхэлдэг. 35 наснаас хойш бол булчингийн хэмжээ буурах хурд улам хурдасдаг.

Дараагийн 3 дугаарт дээрх 3 хүчин зүйлийн тухай жичид нь тайлбарлая.

Эрүүл мэнд ба хоол тэжээл 2

Тэжээл биед үлддэг үү?

Эмэгтэйчүүдэд тэжээлээ байнга нөхөж байхгүй бол сар болгон алдагддаг гэдгийг дахин давтая. Иймээс үүнийг үргэлж ухамсарлаж хоолондоо анхаараарай. Гэхдээ тодорхой хэмжээгээр нөөцлөгддөг хэд хэдэн тэжээл байдаг. Үүнд,
Кальци болон төмөр ордог.

Гэхдээ эдгээр маань тэр чигээрээ бус хэлбэрээ өөрчилж хадгалагддаг. Кальци бол ясанд эрдэс бодис хэлбэрээр, төмөр элгэнд ферритин буюу нөөц төмрөөр хадгалагддаг. Гэхдээ шаардлагатайгаас илүү хэмжээгээр хадгалагддаггүй ба биед хэрэгцээ гарсан үед яснаас элэгнээс ялгарч бие мах бодийг зохицуулж байдаг. Мөн дутагдсан ч шууд илэрдэггүй тул шинж тэмдэг илэрсэн үед яс нь эрс сийрэгжсэн байдаг ба үүрд биед нөөцлөгддөггүй. Мөн уураг, амин дэмүүд, тэжээлийн ширхэглэг болон антиоксидантуудыг байнга хоолоор авахгүй бол биед нөөцлөгдөхгүй биеэс гадагшилж байдаг.

Хоол тэжээлийн мэдлэгтэй болсноор "хөдөлгөөн тогтмол хийх завгүй байсан ч эрүүл байх", "илүү чанартай нойроо авах", "булчингаа алдахаас сэргийлэх", "хөгшрөлтийг удаашруулах" болон "ядаргаанд орохоос сэргийлэх" боломжтой.

Эрүүл мэнд ба хоол хүнс

Удаан бичсэнгүй. Сүүлийн үед мэргэжлээсээ гадна эрүүл амьдрах ухаан гэдэгт их сонирхолтой болсон. Түүнтэй холбоотой ном, нэвтрүүлэг үзэх дуртай болсон.

Саяхан уншаад таалагдсан номноосоо бага багаар товчхон хуваалцая гэж бодлоо. Энэ нь урьдчилан сэргийлэх анагаах ухааны зөвлөх Хосокава Момо гэдэг хүний "Хоолны тухай мэддэг болсноор амьдралаа та хамгаалж чадна" хэмээх нэртэй ном юм.

Энэ ном голдуу эмэгтэйчүүдийн хооллолт, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар бичсэн байв. Гэхдээ эмэгтэйчүүд бол гэр бүлийн цөм, нөхөр болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад асар нөлөөтэй хүмүүс байдаг тул эмэгтэй хүмүүс эрүүл байж чадвал гэр бүл нь ч гэсэн эрүүл байна гэж би хувьдаа ойлгодог болохоор уншигч танд хэрэг болно гэдэгт найдаж байна.

Эрүүл байх...
Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болон төрсний дараа хөхүүл үед тэжээлийн дутагдалд ордог. Энэ нь хэдий үед нүдэнд харагддаг вэ гэвэл цэвэршилтийн үед яс хугарах, шүд муудах зэргээр илэрдэг. Ялангуяа, ямар зуршилтай хүмүүст илэрдэг вэ гэвэл
  • Өглөөний цайгаа уудаггүй
  • Чихэрлэг юм их иддэг
  • Урт цагаар суумгай ажил эрхэлдэг
  • Унтдаг цаг нь богино
  • Спиртний төрлийн юм их уудаг.
Ийм зуршилтай хүмүүс төрсний дараа болон цэвэршилтийн үед бие муутай болох хандлагатай байдаг. Эмэгтэйчүүдийн дунд эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө "нүүрс устай хоол идэхгүй"," алимнаас өөр юм идэхгүй диет" гэх мэт тураах арганууд нэг хэсэг моданд орсон боловч ихэнх тураах арганууд хоолноос хасах арга голдуу байдаг. Гэтэл эдгээр хоол хасах тураах аргуудыг бодож олсон хүмүүс нь ихэвчлэн эрэгтэй хүмүүс байдаг ба эрэгтэй хүнд эдгээр арга нь үр дүнтэй байсан ч, бие мах бодийн онцлогийн хувьд ялгаатай эмэгтэйчүүдэд тохиромжгүй юм.

Эрэгтэй бие, эмэгтэй биеийн ялгаа
Эмэгтэй хүний бие бол сарын тэмдгээр тэжээлийн бодис биеэс амархан гадагшилж алга болдог онцлогтой байдаг бол эрэгтэй хүний бие нь биедээ юм хураах онцлогтой байдаг байна.
Дараагийн онцлог бол булчингийн хэмжээний ялгаа. 25-34 насныхны (Япон хүний дата) эрэгтэй хүний булчингийн хэмжээ эмэгтэй хүнийг бодвол 1.4 дахин их байдаг байна. Дээр нь эрэгтэй хүнд булчин амархан тогтож булчин хэр бараг багасдаггүй бол эмэгтэйчүүдийн хувьд булчин тогтоход амаргүй мөртлөө тогтсон булчин нь амархан багасдаг. Мөн каффейн болон спирт эмэгтэйчүүдийн хувьд биеээс гадагшлахдаа уддаг. Турах аргын хувьд эрэгтэйчүүд биед орох хоолны каллориос хасахад турдаг, эрүүлждэг бол энэ аргыг эмэгтэйчүүдэд хэрэглэвэл биеийг нь гэмтээдэг. Биеийн дулаан, цусны даралт хүртэл эр эм хүмүүсийн хувьд ялгаатай байдаг. Эмэгтэйчүүд 30 нас даваад ирэхээр булчингууд нь өөрөө багасаж эхэлдэг. Ялангуяа гарын 2 толгойт булчин, гуяны булчингууд багасдаг. Мөн элгэнд агуулагдах нөөц төмөрийн хэмжээ буюу ферритин эр эм хүмүүсийн хувьд онц ялгардаг. Эрчүүдэд энэ нөөц төмөр дунджаар 139нг/мл байдаг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгээс болж 22.5 нг/мл л байдаг. Ийм үед хоолоор авах тэжээлийг хасахад гоо сайханд нөлөөлөхөөс гадна шууд эрүүл мэнд аминд халтай болох нь ойлгомжтой. Хөгшрөхөөр хоол тэжээлийг биед шимэгдэх нь багасч, алдагдах нь ихэсдэг.

Тэжээлийн дутагдалд байж эрүүл байхын тулд хөдлөх хэрэгтэй гээд хамаагүй хөдөлвөл эсрэгээрээ биеэ гэмтээхээс гадна булчин суух биш улам алдагддаг. Яагаад гэвэл хөлс гарах хэмжээнд марафон, гүйлт зэрэг хөдөлгөөн хийх үед хүний биед идэвхтэй хүчилтөрөгчийн хэмжээ ихэсдэг ба энэ нь биеийн эсийг исэлдүүлэх чадвар өндөртэй хүчилтөрөгч юм. Биеийн эс исэлдэхэд эсэд хөгшрөлт үүсдэг ба энэ исэлтээс сэргийлдэг нь антиоксидант бодисууд юм. Антиоксидант юунд агуулагддаг вэ гэхээр хоол тэжээлийн өнгө, үнэрийг үүсгэдэг бодис юм. Өөрөөр хэлбэл улаан лоольны улааныг үүсгэгч ликопитан, салмон загасны ягаан, ногоон цайны ногоон өнгийг үүсгэгч ногоон, сармисны үнэрийг үүсгэгч зэрэг. Өөрөөр хэлбэл өнгөлөг хоол байнга идэж байвал хөгшрөлт удаан явагдана гэсэн үг. Тэгэхээр хоол тэжээл хангалттай байж байж хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай. Эхний ээлжинд өдөрт 1 цаг зогсох, 3 давхараас алхаж бууж, 2 давхар луу алхаж гарах, өдөрт 8500 алхах зэрэг хэмжээний хөдөлгөөн хийхэд хангалттай.
 

Thursday, January 31, 2008

Сэтгэл мэдрэлээ чангалах

Би долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гаригуудад их дуртай л даа. Гоё хичээл ордог болохоор...
Өнөөдөр Сэтгэл мэдрэлийн лекц орлоо.

Бидний невроз гэж их ярьдаг сэтгэл мэдрэлийн байдал дотроо янз янз байдаг.(Невроз гэхдээ орчин үеийн оношны нэршлээс хасагдан өөр нарийн нэршлээр солигдсон)

Үүнээс зарим сэтгэл мэдрэлийн өвчнийг маш сонирхолтой аргаар эмчилдэг ба тэр нь маш үр дүнтэй байдаг гэнэ. Сонирхуулахад
Моритагийн эмчилгээ гэсэн арга байдаг гэнэ.

Өвчтөнд энэ аргын тухай танилцуулан зөвшөөрсний үндсэн дээр эхэлдэг ба хэрэв бүтэхгүй гэж өвчтөн өөрөө шийдвэл хэзээ ч хамаагүй дундаас нь зогсоодог.
Эхний 7 хоног: заавал хэвтрийн байдалд өнгөрөөнө. Бие засах зорилгоор хөл дээрээ босох боловч бусад үед унтана. Өвчтөн ч ууц нуруу өвдлөө, болохгүй байна гээд л янз бүрээр үглэх боловч нэг ч гомдлыг нь үл тоомсорлохгүй боловч нэг ч тохиромжтой хариу өгөхгүй. Ямар ч утгагүй хариу өгөөд, за одоо унтаарай гээд л яваад өгнө. Өвчтөний бүх зовлон гомдлыг 24 цаг сонсох боломжгүй учраас өдрийн тэмдэглэл бичүүлнэ. Юу ч хамаагүй бичсэн болно хэмээнэ. 2 янзын тэмдэглэл бичүүлэн эмч нь нэгийг нь уншин коммент бичих хооронд өвчтөн нөгөөхийг нь ашиглан хоорондоо солилцоно. Коммент бичихдээ тохиромжгүй буюу жишээ нь " голын хөвөөнд хонь бэлчинэ" ч гэх юм уу гомдлолтой нь огт хамаагүй юм бичиж өгнө.
Хоёр дахь 7 хоног: амархан нэг төрлийн ажил хийлгэнэ. Унтаж, идэхээс бусад бүх цагт өдөржингөө өвсийг 1 см-ийн хэмжээтэйгээр гараараа нэг нэгээр нь таслах ч юм уу, цаас нугалах ч юм уу, цаасаар уут хийх ч юм уу өдөржингөө хийлгэнэ.
Гурав дахь долоо хоногт хүнд ажил хийлгэнэ. 1 м диаметр 2 м гүнтэй нүх ухуулах ч юм уу. Хийгээд дууссаны дараа буцаагаад булуулна. Хажууд нь яг ижилхэн нүх ухуулна.
Сүүлийн долоо хоногт энгийн амьдралд буцаж орох дадлага хийнэ.
Ийм маягаар биеэ хөдөлгөсөн 単純作業 удаан хугацаагаар хийж эцсийг нь үзэхэд маш сайн эмчилгээний үр дүн өгдөг ба гаж нөлөө бараг үүсдэггүй. Гаж нөлөө үүсэхээр хүн энэ эмчилгээг угаасаа дийлэхгүй дундаасаа хаядаг гэнэ.

Тийм болохоор стрессдээд, бухимдаад байвал гэрээ цэвэрлэх, шалаа угаах зэрэг биеэ хөдөлгөсөн ажил хийн дуусахад сэтгэл чинь онгойх болно. Хүн өрөөнийхөө шалны талыг нь угаагаад талыг нь угаалгүй орхидоггүй биз дээ гэнэ ээ.
Ээж намайг завгүй байсан ч хичээлийнхээ дундуур босоод шалаа угаачихаж бай, ингэж бай гээд л байдаг байсан учрыг нь одоо л ойлголоо. хэхэ. Спортоор хичээллэх ч бас үр дүнтэй.

Яагаад биеэ хөдөлгөх нь сэтгэл мэдрэлд нөлөөлдөг вэ гэвэл хэдийгээр бие тархины удирдлагын дагуу ажилладаг ч, тархи өөрөө ч гэсэн эрхтэн юм болохоор биеэ сонсдог. Угаасаа feedback явагдан бие чинь тархийг чинь бас удирдаж байна гэсэн үг. Тархиа шууд удирдаж чадахгүй бол биеэ дайчилж биеэрээ дамжуулж тархиа удирдаарай. Өөрөөр хэлбэл сэтгэлээ удирдаж чадахгүй бол биеэ хөдөлгөөд хэлбэрдэх 形から入る гэх юм уу даа. Нохойноос айдаг бол нохойнд дуртай юм шиг толгойг нь илэх ч гэх юм уу. Нохойноос хол явах боломжгүй бол шүү дээ.

Наттод дургүй бол дуртай юм шиг амтархан идэж байна гэж бодоод идээд байвал дуртай болно гэсэн үг хэхэ.

Хистери гэдэг үгийг нийгэм ихэвчлэн сөргөөр хүлээж авдаг. Стресстэй асуудал, шийдэж боломгүй асуудал зэргээс болж гэнэт босож чадахаа болих, явж чадахаа болих, хэлгүй болох зэрэг албаар бус мөртлөө янз бүрийн шинж тэмдэг илэрдэг. Японы Мичико хатан ч гэсэн залуудаа хэлгүй болсон гээд мэдээллээр их шуугилдаж байсан ба энэ үед сэтгэл мэдрэлийн бүх эмч байдлыг нь сонсоод шууд л биед илэрдэг хистери байна гэж дотроо оношлож байсан гэдэг. Гэвч нэг ч сонинд хистери гэдэг үг гараагүй ба шаал өөр өвчний талаар сонинд тавьж байсан гэнэ. Мэдээллийг бичиж байсан хүн нь хүртэл худлаа юм бичиж байгаагаа мэдэж байсан байх гэдэг.
Үүний бас нэг жишээ нь, Вьетнамын дайны үед Америкийн цэргүүдийг фронт руу илгээхээс өмнөх өдөр ч юм уу их илэрдэг өвчин байсан гэнэ. Өөрөөр хэлбэл амиа аврахын тулд бие нь урвал үзүүлдэг гэсэн үг. Энэ талаар Орос-Японы дайны үед сэтгэл мэдрэлийн нэг эмч энэ өвчний эмчилгээ бол хистери илэрсэн ч фронт руу явуул гэж тэмдэглэсэн байдаг. Огт юм хийхгүй байснаас тулалдсан нь аврагдах магадлал арай өндөр учраас бие нь өөрийгөө аврахын тулд зүгээр болдог байсан байх гэж орчин үеийн эмч нар ярьцгаадаг.

Tuesday, January 29, 2008

Кафейн буюу цай, кофений нөлөө


Манай сургууль энэ жил 2-р сарын 1-нээс 27 хүртэл нийт 14 шалгалт аваад намайг 4-р курс төгсгөх юм. Иймээс өчигдөр жаахан орой унтсан чинь өглөө босох гэж дайн хийлээ. Ядаж цас ордоггүй Окаямад маань хунгарлатал орчихсон, кондишенэр, халаагч 2-оо зэрэг залгаж байж арай хийж бослоо. 8,40өөс хичээлтэй хүн 8,10т арай хийж боссон болохоор өглөөний цай уулгүй цасан дундуур гүйлээ.
Эхний цагийн завсарлагаанаар өглөөний цайндаа булчик, кофе авлаа. Авах авахдаа хааяа нэг авдаг лаазтай кофенээсээ давраад "хүйтэнд гарсан юм чинь" гээд өөрийгээ эрхлүүлэн Гранде хэмжээний кофе аваад сууж байлаа.(цаг 10,00)
Өдрийн завсарлагаагаар юм идэх хүсэл төрсөнгүй. Тараад номын санд суулаа.4 цагт өдрийн цай... Уг нь өглөөний цай, өдрийн цайг яг цагийн дагуу уудаг юм. Ритм алдагдах дэмий юм аа.

Нийгмийн хамгаалалын системын талаар ном уншаад сууж байтал ийнхүү бичсэн байлаа:

Кафейн цай кофенд хуримтлагдсан эртнээс хэрэглэж ирсэн хамгийн өдөр тутмын өргөн хэрэглээний эмийн бодис юм.

Захын судас, цагаан хоолойг өргөсөн амьсгалын хүндрэл, толгойн өвчнийг бууруулах, биеийн булчингийн тонусыг ихэсгэн ядарсан мэдрэмжийг багасгах үйлчилгээтэй. Зүрхний үйл ажиллагааг дэмжиж цусны эргэлтийн хэмжээг ихэсгэснээр шээсний хэмжээг ихэсгэнэ. Мөн ходоодны шүүсний шүүрлийг ихэсгэнэ.
Нойр хулжаахад кофе үр дүнтэй байдгаас кафейн тархийг сэргээх үйлчилгээтэй.
Кофе, ногоон цай, оулон цай(500 мл-ээр уух нь хэтрүүлэн хэрэглэж байгаа байж магад шүү), баахуу цай 1 аяганд 30-100мг
коланы төрлийн ундаанд 35-50мг кафейн орсон байдаг ба сэтгэл мэдрэлийн ядаргаа, нойронд эсэргүүцэх чадварыг ихэсгэх учраас тооцоолон бодох чадвар дээшлэх, төвлөрөлт сайжирдаг. Аптекад зарагддаг өвчин намдаах эм, ханиадны эм, ханиалтыг зогсоох эмэнд 1 удаад 10-50мг кафейн орсон байдаг. Сонирхолтой нь, харьцангуй бага хэмжээний кафейн нь сул боловч тайван бус байдал, цочролыг бууруулах үйлчилгээтэй ба тархи сэргээх нөлөөтэй учраас ослоос сэргийлэхэд сайн гэгддэг. Тийм болохоор өглөөний цай өдрийн гайнаас аврана гэдэг.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр кафейныг нэг доор их хэмжээгээр (200 мг-аас дээш) хэрэглэхэд тархи хэт цочрон, мэдрэл хэт мэдрэгжин тайван бус болох, нойргүйдэх, санаагаа нэгтгэж чадахаа болино. Хааяа гар салганах, татах, нүд харанхуйлах, чихний хэнгэрэг дэлдэх зэрэг хордлогын шинж тэмдэг илэрдэг. Мөн орой цай, кофе ууснаас нойргүйтэх ялангуяа нойрсож эхлэх үеийн гажиг болон шөнө сэрэх шалтгаан болон дараагийн өдөр нь нойрмоглон үүнийг арилгах зорилгоор дахин кафейн хэрэглэх муу зуршлын эргүүлэгт ордог.
Кафейны ихэнх хэмжээ нь элгэнд задран, цусан дахь хэмжээ нь 2 дахин буурах хугацаа нь 3,5 цаг байдаг. Иймээс цай, зөөлөн ундаа, эм зэрэг хэлбэрээр уусан кафейны тархийг цочроох үйлчлэл нь ойролцоогоор 8 цаг үргэлжилнэ. Энгийн цай уух үед биед орох кафейны хэмжээ 100мг-аас бага байдаг ба хурц хордлого илрэх нь бага. Гэвч их хэмжээний хэрэглээ болон эмийн замбараагүй хэрэглээнээс эсвэл элэг муутай хүн энгийн хэмжээний хэрэглээнээс хурц хордлого илрэх тохиолдол байдаг.
Өдөрт 3 аягаас дээш хэмжээний кофе уудаг хүн (300мг) уухаа зогсооход хэдэн цагийн дараа кофе уумаар санагдан (сэтгэл мэдрэлийн донтол), бухимдах, нойр хүрэх зэрэг сэтгэл мэдрэлийн шинж тэмдэг дээр нэмэн чамархайн ойролцоо зүрхний цохилттой давхцан лугшин өвдөх тохиолдол бий. Энэ нь кафейны донтлоос үүдэлтэй салалтын шинж тэмдэг離脱 юм.
Ийм болохоор кафейны хэмжээ, шинж тэмдгээс хамааран сэрээх, тайвшруулах 2 талын үйлчилгээтэй учраас олон дахин хэрэглэснээс болж нөлөө ихсэх, эмийн тэсвэртэй болох нь харьцангуй бага байдаг учраас хэдэн мянган жилийн турш хэрэглэгдсээр ирсэн. Гэвч цай болон кофе буюу кафейн нь бүрэн аюулгүй бус учраас хэт хэрэглээнээс татгалзах шаардлагатай. Энгийн хэмжээгээр ч гэсэн хүүхэд, хөгшдөд хэт цочроох, нойргүйтэх, жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн хөгжилд нөлөөлөх аюулыг үгүйсгэхийн аргагүй. Насанд хүрсэн хүнд кофе хэт хэрэглэх асуудал үүсэж байгаа. Цай болон кофе нь эмийн бодис агуулсан уух юм гэдгийг сайн санах хэрэгтэй.
シンプル衛生公衆衛生学 2005 南江堂 262-р хуудас

гэж бичжээ. Нээрээ 6 гээд миний нойр хүрээд өөрийн эрхгүй ширээ дэрлэн 15 мин хэвтэж билээ. Кафейн гэснээс 3-р курсийн эм судлалын дадлага дээр хулганад тарьсан чинь ихээр шээн, бусад тариулаагүй хулгана нь өтгөн гаргасан байхад нэг ч өтгөн ялгаруулахгүй, маш хүчтэй татаад, хэдэн мин-ын дараа үхчихсэн.

Эмэгтэйчүүддээ зөвлөхөд цусны хэмжээг ихэсгэнэ гэдэг нь эдийн шингэн буюу арьсны чийглэгийг татан цус руу оруулж байна гэсэн үг. Энэ нь шээсээр биеэс гадагшлан бие усгүйтдэг. Ходоодны хүчлийг нь ихэсгээд усыг нь авж байгаа учраас ходоод өөрийг нь хүчлээр түлэх аюултай. Мөн гэдэснээс ч гэсэн усыг нь татах учраас өтгөн хатах аюултай. Иймээс өвлийн цагт тохируулан хэрэглэхээс гадна сайн бүлээн ус ууж байгаарай. Ус дутан амархан хөгшрөх вий. Миний лав ходоод сонин болоод оройн хоол идэж чадахгүй сууж байна. Шалгалтын сезонд кофе хэрэглэмээр байдаг ч гэсэн биеэ хайрлаарай. Өөртөө ч гэсэн тэгэж хэлээд л, мэдрээд л сууж байна.

Monday, December 18, 2006

Дараа жилийн заавал хийх ажил

Шинэ жил гарах дөхөж байгаа болохоор заавал биелүүлнэ гэсэн зорилго тавихаар шийдлээ.

1, Энэ жил өөрийн мэргэжилтэй холбоотой 12 үзүүлэн хийнэ.
2, Хичээлдээ хоцрохыг долоо хоногт 1 удаа болтол бууруулах.
3, Шүдний анатоми хичээлийн лекцийг монгол хэл рүү хөрвүүлнэ.
4, Мэргэжлийн хичээлийн дадлагын дэвтэрийг монгол хэл рүү хөрвүүлнэ.
5, Зун Монголд НАС-ын оюутны семинар дээр илтгэл тавих.
6, Судлагааны ажил эхлүүлэх.
7, Мэргэжлийн бус 12 ном унших.

Saturday, December 09, 2006

Амьдрал бол драма

Нэг өдөр багшийнхаа өрөөгөөр толгойгоо цухуйлган мэндэлтэл багш маань надад нэгэн видео үзэхийг зөвлөлөө. Дараа нь төгсөх курсын ах бас орж ирлээ. Ингээд үзтэл сэтгэл мэдрэлийн хөгжлийн хоцрогдолтой (mental retardation) хүүхдийн хөгжилд амны хөндийн үйл ажиллагаа, хооллох ажиллагааг сайжруулснаар хөгжил нь хурдассан тухай клиникийн кейс-ийн тухай видео байсан юм.

Тухайн кейс судлагаанд ирсэн хүүхэд
3 настай, эм, анх 2005 оны 7 сард анх удаа ирсэн
Larsen хэв шинж, тархины саажилттай
Гол зовиур: Хооллох үйл ажиллагааг сайжруулах сургуулил хийхийг хүссэн
Анх ирэхдээ: Шүдний цоорол (-),уруулаа жимийх чадвар сайн, Эрүүний сүүн үүдэн шүднүүдийн гажиг,үүдэн шүдний зуултаас болж үүссэн шаамий, эрүүний хажуу тийш хөдөлгөөн(-), үүдэн шүдний хавиралт(++), хооллох үед хэлний хөдөлгөөн сайн биш, п-гийн төрлийн авиа хааяа б-гийн төрлийн авиа буюу голдуу уруулын авиа л гаргадаг.
Энэ хүүхдэд 10 сард хэл өндөрсгөх, зуулт өндөрсгөх аппарат тааруулж өгөхөд, хэлний байрлал өндөрсөн, зуулт өндөрссөнөөр шүд хавирах нь багассан
5 хоногийн дараа эрүүний хажуу тийш хөдөлгөөн бий болсон, эрүүний хөдөлгөөн сайжирсан, п-гийн төрлийн авиа багасаж м-гийн төрлийн авиа ихэссэн, араа шүдээрээ зажлах нь ихэссэн, үүдэн шүдээрээ зажлах нь багассан.
2005 оны 11 сард үүдэн шүдний зажлах хөдөлгөөн багасаж, эрүүний хажуугийн хөдөлгөөн ихэссэн
2005 оны 12 сард авиа, дуудлага нь ойлгомжтой болсон
2006 оны 4 сард хооллох сургуулилтын үед ярьдаг болсон байсан.
Ээжийн сэтгэгдэл: хурдан сайн хоол идэж чаддаг болсон, шүд хавирах нь зогссон. Ярьж чаддаг болсноор зогсохгүй сургуульсан эмч хүртэл гайхмаар үр дүн өгсөн. Энэ нь сэтгэл мэдрэлийн хөгжил хурдассан, алхаж чаддаг болсон, mental age нь өмнө нь 10 сартай байснаас энэ хагас жилийн дотор 3 насаар өсөж жирийн хүүхдийн насанд дөхсөн mental age-д хүрсэн байсан.
Энэ видео-г үзэж байсаж дээд курсын ахын сэтгэл хөдлөн нүдэнд нь нулимс бүрэлзэн багшид ихээхэн талархан ингэж хэлж билээ." Эцэг эхийнхээ ачийг анх удаа хариулж чадах юм шиг санагдлаа."

Тэр ахыг явсны дараа багш ийнхүү өгүүлж билээ. "Ах нь төрөлхийн хөгжлийн хоцрогдолтой учраас хэрэг болох болов уу гэж бодоод дуудсан юм. Кюшү-д хуралд явж байгаад нэгэн эмэгтэйчүүд, эх барихын эмчээс ийнхүү сонссон юм. Хүүхэд төрөхдөө өөрийн эцэг эхээ сонгож төрдөг. Хэрэв энэ тухай хүн болгон мэддэг бол Японд сүүлийн үед болоод байгаа эцэг эх нь хүүхдээ хүчирхийлэх, амийг нь бүрэлгэх зэрлэг явдлууд гарахгүй байх ч байсан юм билүү. Жишээ нь, нэгэн хүүхэд төрөхөөсөө өмнө нас барах байжээ. Бурхан түүнд 2 сонголт өгж. Чи жирийн эцэг эхийн хүүхэд болон төрвөл төрөх үедээ нас барна. Харин эх нь хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлд төрвөл амьдрана, гэжээ. Хүүхэд сүүлийн замыг сонгосон аж. Хүүхэд өсгөх хэдийгээр хүнд хүчир боловч эцэг эх өөрсдийг нь төрөхдөө хүүхэд нь сонгоод заяагдсан гэдгийг мэддэг бол яасан ч төвөгшөөж, хүүхдээ ад үзэж чадахгүй байх бизээ гэж манай багш нүдэндээ нулимс бүрэлзүүлэн ярьж байж билээ. Амьдралын тухай ингэж боддог бол хүмүүсийн нүдэнд янз бүрийн юм огт өөрөөр харагдах биз ээ" хэмээж байсан юм.

Багшийн яриаг сонсоод шүдний эмчийн мэргэжил цоорсон шүдийг янзалж, шүдгүй болсон хүнд хиймэл шүд хийх, яах ч аргагүй болсон шүдийг авахаар зогсдоггүй юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож байсан юм. Эрүүлийг хамгаалах яамны ажилтан ч бай, эмч ч бай, асрагч ч чадахгүй зөвхөн шүдний эмч болсноор л бусдын хүрч чадахгүй газар хүрэн хүний амьдралд өөрчлөлт хийж, сайныг бүтээж чаддаг юм байна гэдгийг багшийнхаа ажлаар дамжуулан мэдрэх шиг болсон.

Tuesday, November 07, 2006

Мэдлэгийг хүүхдийн толгойд хэрхэн оруулах вэ?

Ер нь өнөөг хүртэл хичээл хийх арга маань мэргэжлийн номыг аль болох боломжоороо сайн уншиж номонд бичигдсэн мэдээллийг ядаж нэг удаа харсан байхаар шалгалтанд бэлддэг байсан юм. Гэтэл курс ахих тусам унших юм ихсээд зайлшгүй мэдэх шаардлагатай юмыг тогтоох ба тэдгээрийнх нь хэмжээ нилээн ихсэж байна. 3 жилийн дараа төгсөөд 3-р курсдээ үзэж байсан эмгэг судлалын нарийн зүйлүүдийг санана гэж үлгэр болж магадгүй санагдах юм. Тэгээд багшийнхаа жирийн хүмүүст ярьж өгдөг лекцэн дээрх бичлэгийг нь үзэж байтал сонирхолтой юм гарч ирлээ.

Мэдлэгийг толгойд нь бус сэтгэлд нь хийж өгөх хэрэгтэй гэж. Хүний тархийг амарханаар хуваавал 3 давхаргаас бүрддэг ажээ. Амьдралыг тэтгэгч амьсгалын төв, хооллолтын төв зэрэг амьд байхын тулд зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг удирддаг тархи нь хамгийн дотор талдаа байдаг ба энэ нь хэвлээр явагчдын түвшинд анх гарч ирдэг тархи юм. Үүнийг амьдралын тархи гэж нэрлэе. Дараагийн давхарга нь сэтгэлийн янз бүрийн мэдрэмжийг захирдаг лимбийн систем юм. Энэ нь доод хөхтөнд байдаг тул нохой муур зэрэг амьтдыг илэхэд эрхлэж, сүүлээ хөдөлгөх зэрэг үйлдэл хийдэг. Ийм болохоор сэтгэлийн тархи гэгддэг. Харин дээд хөхтөнд гарч ирдэг их тархины бор гадаргыг мэдлэгийн тархи гэдэг. Учир нь тоо бодох, шинэ мэдлэг хүлээн авах, тогтоох, боловсруулах зэрэг үйл ажиллагааг удирддаг. Хүний мэдлэгийн тархи хамгийн чухал юм шиг санагдах боловч асар том дутагдалтай байдаг байна. Тэр нь амархан мартдаг ажээ. Харин сэтгэлийн тархинд орсон мэдээлэл удаан хугацаанд хадгалагддаг байна. Жишээлбэл, 1-р курсдээ үзэж байсан анатомын латин үгнүүдийг хэдийгээр дуржигнуулан цээжилдэг байсан боловч өдөр тутамдаа хэрэглэхгүй байснаас одоо бол бүгдийг нь санахгүй. Харин 1-р курсдээ таалагддаг байсан дээд курсийн ахаар заалгуулж байсан хичээл одоо хүртэл мартагдаагүй байдаг. Үүнтэй адилаар физикийн баахан томъёонуудыг нээх сайн санадаггүй. Харин физикийн багш завсарлагаанаар хэрхэн хоолоо чанга сорон амтархан идэж байсныг одоо хүртэл санадаг. Манай багшийн хүнд хичээл заах арга нь хүний сэтгэлийг хөдөлгөхийн хажуугаар чухал мэдээллээ хэлж өгөх арга юм. Жишээлбэл, Японд өргөн хэрэглэгддэг лазтай кофенд маш их хэмжээний сахар орсон байдгийг ойлгуулахын тулд лекцийнхээ үеэр нэг хүнийг дуудаж гаргаж ирээд лазтай кофе бариулна. Хажууд нь жирийн кофе найруулаад нүдэн дээр нь цаастай элсэн чихэр 1-г хийнэ. Ингээд кофегээ амсуулна.
Дараа нь ахиж нэг ширхэгийг хийнэ. Ахиад амсуулна. Гэх мэтээр 8 ширхэг цаастай сахар хийнэ. Тэр болгондоо амсуулж сэтгэгдлийг нь хэлүүлнэ.
Эхний удаад "Жаахан чихэр амтагдаж байна"
2дахь удаад " Нэлээн чихэрлэг болж эхэллээ шүү"
3дахь удаад " Болоо ш үү дээ. Ахиад хийх гэж байгаа гэж үү? Ууж чадахаа болино шүү дээ"
4дэх удаад "Ийм юм хийлгэж яах нь вэ?"
5дахь удаад " Бараг л чихэртэй ус боллоо шүү дээ"
6дахь удаад "Сахарны сироп боллоо шүү дээ"
7дахь удаад "Одоо тэнэглэхээ больё"
8дахь удаад "Байгалийн баялгийг дэмий үрээд байх юм"
Мэдээж багшийг хүндлээд сүүлийн 2 өгүүлбэрийг шууд хэлэх хүн гарч ирэхгүй. Гэхдээ ганцхан аяга кофенд цаастай сахар 1 1-ээр нь нэмэх тутамд яах бол хэмээн сэтгэл догдлон ийм маягаар 8 удаа давтахад сэтгэлийн тархинд лазтай кофенд ийм их хэмжээний сахар орсон байдгийг ойлгож авна. Харин 200г лазтай кофенд 24 г сахар ордог гэж хэлвэл хүн төсөөлж чадахгүй учраас их багын хэмжээг ч мэдрэхгүй. Мэдээж ярианы дараа 5 мин ч хүрэхгүй хугацаанд мартаж орхино.

Ийм яриа, ном уншаад уран зохиолын ном уншиж байгаа юм шиг догдолж билээ. Агуу шүү.

Monday, November 06, 2006

Сонирхолтой санагдсан яриануудаас

Багшийнхаа үзлэгт дагаж хэд хоног явж байхдаа миний хувьд сонирхолтой болон мэдэхэд илүүдэхгүй юм болов уу гэсэн хэдэн яриануудаас бичье гэж бодлоо.

Хүүхдийн мэдэрхүй эхийн гэдсэнд байхаас эхлээд төрөөд 3 нас хүртэл хамгийн эрчимтэй хөгждөг бололтой. Ялангуяа амтлах мэдэрхүй төрснөөс 3 нас хүртэл хөгждөг. Өөрөөр хэлбэл 0-3 насанд хүүхэддээ янз бүрийн амтыг маш сайн тогтоож цаашид ямар амтанд дуртай болох вэ гэдэг нь энэ үед шийдэгддэг ажээ. Иймээс багаасаа чихэрлэг юм их идэж өссөн хүүхэд бүх амьдралаараа бусад хүмүүстэй харьцуулахад чихэрлэг юманд илүү дуртай байна. Их давстай хоол идэж өссөн хүүхэд том болсон ч хоолондоо их давс хийхгүй бол давстай юм шиг мэдэрдэггүй аж. Үүнтэй адил зөвхөн миний ойлгож байгаагаар (махны амтыг умами гэдэг) багаасаа мах идэж өссөн монголчууд маань махгүй хоол амтгүй санагдаад байх нь аргагүй юм болов уу. Харин амт султай юм идэж өссөн бол том болоод янз бүрийн амтыг ялгахдаа сайн болдог юм байна. Иймээс Японд хүүхдийг бага наснаас нь амт султай болон хатуу зөөлөн, уян харимхай гэх мэт байдалтай янз бүрийн хоол идүүлэхийг зөвлөдөг юм байна.Ингэснээр байгалийнх нь амтыг нь илүү тогтоолгох, хэлний ба зажлуурын мэдэрхүйг хөгжүүлдэг гэнэ. Магадгүй тийм ч учраас япон хэлэнд амтыг илэрхийлэх маш олон үг байдаг юм болов уу. Цаашид амьдралын зуршлаас үүдэх өвчнөөс сэргийлэхэд багаасаа мэдэрсэн амтны ой тогтоолт чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.
  • Бургер, шарсан төмс буюу фастфуд, бэлэн хоол зэрэг маш хүчтэй амтлагчтай хоолыг хүүхэддээ багаас нь бүү өгөөрэй. Амьдралын зуршлын өвчнүүдээс сэргийлнэ.
  • Мөн 4 -5 нас хүртэл нь газтай ундаа бүү уулгаарай, 4 нас хүртэл нь чихэр шоколадыг долоо хоногт ганц удаа ч юм уу огт өгөхгүй байсан ч болно. Эдгээр байхгүй байсан ч гэсэн хүүхэд тань эрүүл амьдарч чадна. Мөн яс, шүдтэй холбоотой асуудлууд ирээдүйд гарах магадлал буурна.
  • Янз бүрийн навчин болон үндсэн ногоонуудыг их идүүлж байгаарай. Лууван, навчин ногоонд агуулагдах чухал тэжээлийг хоолоороо хангалттай авж эрүүл чийрэг амьдарч чадна. Ирээдүйд хавдараар өвчлөх магадлал эрс буурна.
  • Давс султай (ирээдүйд даралт ихсэх өвчнөөс сэргийлж чадна), янз бүрийн хэмжээгээр хэрчсэн, хатуулагтай хоол өгөөрэй гэж ээж аав болох гэж байгаа хүмүүст захья.
Мөн ойролцоогоор хүүхэд гартаа тааралдсан бүхнийг амандаа хийгээд байдаг нь орчингоо танихдаа амны мэдэрхүйгээрээ антенн хийдэг ажээ. Хүүхэд багаасаа хуруугаа хөхдөг. Энэ нь ямар үед хөхөж байгаасаа хамаараад сайн муу талуудтай байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хуруугаа бага хөхдөг ба тэр хэвээр нь дасгал хийлгэхгүй орхивол юм хүлээн авах чадвар цаашид ч хоцрогддог ажээ. Ийм тохиолдолд хүүхдийн араа шүдийг гартал эцэг эх нь араа шүд гарах буйлны хэсгийг өдөрт ядаж нэг удаа ч болов хуруугаараа зөөлөн зүлгэж дасгах хэрэгтэй аж. Ингэснээр дасгал огт хийж үзээгүй ба хийж үзсэн хүүхдийн хөгжлийн түвшин эрс ялгаатай байдаг гэсэн судалгаа байдаг. Мөн хэвийн өсөж бойжиж байгаа хүүхдэд ч ийм дасгал хийх нь ашигтай аж. Учир нь 2 нас дөхөөд буюу араа шүд нь ургаад ирэхээрээ хүүхэд амандаа хүргүүлэхээс дургүйцдэг болдог ба үүнээс ээж нь хүүхдийнхээ шүдийг угаахад бэрхшээлтэй болдог гэнэ. Шүд нь ургаагүй байсан үеэс нь хуруугаа болон сойз хүргэж дасгаснаар энэ асуудал шийдэгдэхэд дөхөм болно. Харин сойзыг шүд нь цухуйсан үеэс нь эхэлж дасгахыг зөвлөе.
Хүүхэд тэгвэл хэдэн нас хүртлээ хуруугаа хөхөхийг зөвшөөрөх вэ? Японд шүдний эмч нар 2 нас хүртэл гэдэг байна. Яагаад гэвэл хүүхдийн араа шүд гарч ирэхээр эрүүний яс бэхжиж эхэлдэг. Энэ үе хүртэл хуруу хөхөх нь зогсвол эрүү тагнайн яс цаашлаад нүүрний хэлбэр эрүүл хөгждөг гэнэ. Харин зогсохгүй бол тагнай болон шүдний байршилд өөрчлөлт орж орсгой, хэвийн үед ам нь байнга онгорхой байдалд хүрдэг. Мөн уруул нүүрний булчингууд суларч цаашид ч янз бүрийн муу үр дагавар авчирдаг ажээ. Уруул нь зузаан гурвалжин уул хэлбэртэй хэвийн үед онгорхой байвал уруулын булчин сул гэж тодорхойлж болох юм шиг байна лээ. Ийм тохиолдолд үлээвэр хөгжим тоглох зэрэг уруул чангалах дасгал хийлгэхийг зөвлөдөг.
Өнөөдөртөө ингээд түр завсарлая.