Friday, December 30, 2016

Эрүүл мэнд ба хоол хүнс

Удаан бичсэнгүй. Сүүлийн үед мэргэжлээсээ гадна эрүүл амьдрах ухаан гэдэгт их сонирхолтой болсон. Түүнтэй холбоотой ном, нэвтрүүлэг үзэх дуртай болсон.

Саяхан уншаад таалагдсан номноосоо бага багаар товчхон хуваалцая гэж бодлоо. Энэ нь урьдчилан сэргийлэх анагаах ухааны зөвлөх Хосокава Момо гэдэг хүний "Хоолны тухай мэддэг болсноор амьдралаа та хамгаалж чадна" хэмээх нэртэй ном юм.

Энэ ном голдуу эмэгтэйчүүдийн хооллолт, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар бичсэн байв. Гэхдээ эмэгтэйчүүд бол гэр бүлийн цөм, нөхөр болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад асар нөлөөтэй хүмүүс байдаг тул эмэгтэй хүмүүс эрүүл байж чадвал гэр бүл нь ч гэсэн эрүүл байна гэж би хувьдаа ойлгодог болохоор уншигч танд хэрэг болно гэдэгт найдаж байна.

Эрүүл байх...
Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болон төрсний дараа хөхүүл үед тэжээлийн дутагдалд ордог. Энэ нь хэдий үед нүдэнд харагддаг вэ гэвэл цэвэршилтийн үед яс хугарах, шүд муудах зэргээр илэрдэг. Ялангуяа, ямар зуршилтай хүмүүст илэрдэг вэ гэвэл
  • Өглөөний цайгаа уудаггүй
  • Чихэрлэг юм их иддэг
  • Урт цагаар суумгай ажил эрхэлдэг
  • Унтдаг цаг нь богино
  • Спиртний төрлийн юм их уудаг.
Ийм зуршилтай хүмүүс төрсний дараа болон цэвэршилтийн үед бие муутай болох хандлагатай байдаг. Эмэгтэйчүүдийн дунд эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө "нүүрс устай хоол идэхгүй"," алимнаас өөр юм идэхгүй диет" гэх мэт тураах арганууд нэг хэсэг моданд орсон боловч ихэнх тураах арганууд хоолноос хасах арга голдуу байдаг. Гэтэл эдгээр хоол хасах тураах аргуудыг бодож олсон хүмүүс нь ихэвчлэн эрэгтэй хүмүүс байдаг ба эрэгтэй хүнд эдгээр арга нь үр дүнтэй байсан ч, бие мах бодийн онцлогийн хувьд ялгаатай эмэгтэйчүүдэд тохиромжгүй юм.

Эрэгтэй бие, эмэгтэй биеийн ялгаа
Эмэгтэй хүний бие бол сарын тэмдгээр тэжээлийн бодис биеэс амархан гадагшилж алга болдог онцлогтой байдаг бол эрэгтэй хүний бие нь биедээ юм хураах онцлогтой байдаг байна.
Дараагийн онцлог бол булчингийн хэмжээний ялгаа. 25-34 насныхны (Япон хүний дата) эрэгтэй хүний булчингийн хэмжээ эмэгтэй хүнийг бодвол 1.4 дахин их байдаг байна. Дээр нь эрэгтэй хүнд булчин амархан тогтож булчин хэр бараг багасдаггүй бол эмэгтэйчүүдийн хувьд булчин тогтоход амаргүй мөртлөө тогтсон булчин нь амархан багасдаг. Мөн каффейн болон спирт эмэгтэйчүүдийн хувьд биеээс гадагшлахдаа уддаг. Турах аргын хувьд эрэгтэйчүүд биед орох хоолны каллориос хасахад турдаг, эрүүлждэг бол энэ аргыг эмэгтэйчүүдэд хэрэглэвэл биеийг нь гэмтээдэг. Биеийн дулаан, цусны даралт хүртэл эр эм хүмүүсийн хувьд ялгаатай байдаг. Эмэгтэйчүүд 30 нас даваад ирэхээр булчингууд нь өөрөө багасаж эхэлдэг. Ялангуяа гарын 2 толгойт булчин, гуяны булчингууд багасдаг. Мөн элгэнд агуулагдах нөөц төмөрийн хэмжээ буюу ферритин эр эм хүмүүсийн хувьд онц ялгардаг. Эрчүүдэд энэ нөөц төмөр дунджаар 139нг/мл байдаг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгээс болж 22.5 нг/мл л байдаг. Ийм үед хоолоор авах тэжээлийг хасахад гоо сайханд нөлөөлөхөөс гадна шууд эрүүл мэнд аминд халтай болох нь ойлгомжтой. Хөгшрөхөөр хоол тэжээлийг биед шимэгдэх нь багасч, алдагдах нь ихэсдэг.

Тэжээлийн дутагдалд байж эрүүл байхын тулд хөдлөх хэрэгтэй гээд хамаагүй хөдөлвөл эсрэгээрээ биеэ гэмтээхээс гадна булчин суух биш улам алдагддаг. Яагаад гэвэл хөлс гарах хэмжээнд марафон, гүйлт зэрэг хөдөлгөөн хийх үед хүний биед идэвхтэй хүчилтөрөгчийн хэмжээ ихэсдэг ба энэ нь биеийн эсийг исэлдүүлэх чадвар өндөртэй хүчилтөрөгч юм. Биеийн эс исэлдэхэд эсэд хөгшрөлт үүсдэг ба энэ исэлтээс сэргийлдэг нь антиоксидант бодисууд юм. Антиоксидант юунд агуулагддаг вэ гэхээр хоол тэжээлийн өнгө, үнэрийг үүсгэдэг бодис юм. Өөрөөр хэлбэл улаан лоольны улааныг үүсгэгч ликопитан, салмон загасны ягаан, ногоон цайны ногоон өнгийг үүсгэгч ногоон, сармисны үнэрийг үүсгэгч зэрэг. Өөрөөр хэлбэл өнгөлөг хоол байнга идэж байвал хөгшрөлт удаан явагдана гэсэн үг. Тэгэхээр хоол тэжээл хангалттай байж байж хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай. Эхний ээлжинд өдөрт 1 цаг зогсох, 3 давхараас алхаж бууж, 2 давхар луу алхаж гарах, өдөрт 8500 алхах зэрэг хэмжээний хөдөлгөөн хийхэд хангалттай.
 

No comments: