Tuesday, November 07, 2006

Мэдлэгийг хүүхдийн толгойд хэрхэн оруулах вэ?

Ер нь өнөөг хүртэл хичээл хийх арга маань мэргэжлийн номыг аль болох боломжоороо сайн уншиж номонд бичигдсэн мэдээллийг ядаж нэг удаа харсан байхаар шалгалтанд бэлддэг байсан юм. Гэтэл курс ахих тусам унших юм ихсээд зайлшгүй мэдэх шаардлагатай юмыг тогтоох ба тэдгээрийнх нь хэмжээ нилээн ихсэж байна. 3 жилийн дараа төгсөөд 3-р курсдээ үзэж байсан эмгэг судлалын нарийн зүйлүүдийг санана гэж үлгэр болж магадгүй санагдах юм. Тэгээд багшийнхаа жирийн хүмүүст ярьж өгдөг лекцэн дээрх бичлэгийг нь үзэж байтал сонирхолтой юм гарч ирлээ.

Мэдлэгийг толгойд нь бус сэтгэлд нь хийж өгөх хэрэгтэй гэж. Хүний тархийг амарханаар хуваавал 3 давхаргаас бүрддэг ажээ. Амьдралыг тэтгэгч амьсгалын төв, хооллолтын төв зэрэг амьд байхын тулд зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг удирддаг тархи нь хамгийн дотор талдаа байдаг ба энэ нь хэвлээр явагчдын түвшинд анх гарч ирдэг тархи юм. Үүнийг амьдралын тархи гэж нэрлэе. Дараагийн давхарга нь сэтгэлийн янз бүрийн мэдрэмжийг захирдаг лимбийн систем юм. Энэ нь доод хөхтөнд байдаг тул нохой муур зэрэг амьтдыг илэхэд эрхлэж, сүүлээ хөдөлгөх зэрэг үйлдэл хийдэг. Ийм болохоор сэтгэлийн тархи гэгддэг. Харин дээд хөхтөнд гарч ирдэг их тархины бор гадаргыг мэдлэгийн тархи гэдэг. Учир нь тоо бодох, шинэ мэдлэг хүлээн авах, тогтоох, боловсруулах зэрэг үйл ажиллагааг удирддаг. Хүний мэдлэгийн тархи хамгийн чухал юм шиг санагдах боловч асар том дутагдалтай байдаг байна. Тэр нь амархан мартдаг ажээ. Харин сэтгэлийн тархинд орсон мэдээлэл удаан хугацаанд хадгалагддаг байна. Жишээлбэл, 1-р курсдээ үзэж байсан анатомын латин үгнүүдийг хэдийгээр дуржигнуулан цээжилдэг байсан боловч өдөр тутамдаа хэрэглэхгүй байснаас одоо бол бүгдийг нь санахгүй. Харин 1-р курсдээ таалагддаг байсан дээд курсийн ахаар заалгуулж байсан хичээл одоо хүртэл мартагдаагүй байдаг. Үүнтэй адилаар физикийн баахан томъёонуудыг нээх сайн санадаггүй. Харин физикийн багш завсарлагаанаар хэрхэн хоолоо чанга сорон амтархан идэж байсныг одоо хүртэл санадаг. Манай багшийн хүнд хичээл заах арга нь хүний сэтгэлийг хөдөлгөхийн хажуугаар чухал мэдээллээ хэлж өгөх арга юм. Жишээлбэл, Японд өргөн хэрэглэгддэг лазтай кофенд маш их хэмжээний сахар орсон байдгийг ойлгуулахын тулд лекцийнхээ үеэр нэг хүнийг дуудаж гаргаж ирээд лазтай кофе бариулна. Хажууд нь жирийн кофе найруулаад нүдэн дээр нь цаастай элсэн чихэр 1-г хийнэ. Ингээд кофегээ амсуулна.
Дараа нь ахиж нэг ширхэгийг хийнэ. Ахиад амсуулна. Гэх мэтээр 8 ширхэг цаастай сахар хийнэ. Тэр болгондоо амсуулж сэтгэгдлийг нь хэлүүлнэ.
Эхний удаад "Жаахан чихэр амтагдаж байна"
2дахь удаад " Нэлээн чихэрлэг болж эхэллээ шүү"
3дахь удаад " Болоо ш үү дээ. Ахиад хийх гэж байгаа гэж үү? Ууж чадахаа болино шүү дээ"
4дэх удаад "Ийм юм хийлгэж яах нь вэ?"
5дахь удаад " Бараг л чихэртэй ус боллоо шүү дээ"
6дахь удаад "Сахарны сироп боллоо шүү дээ"
7дахь удаад "Одоо тэнэглэхээ больё"
8дахь удаад "Байгалийн баялгийг дэмий үрээд байх юм"
Мэдээж багшийг хүндлээд сүүлийн 2 өгүүлбэрийг шууд хэлэх хүн гарч ирэхгүй. Гэхдээ ганцхан аяга кофенд цаастай сахар 1 1-ээр нь нэмэх тутамд яах бол хэмээн сэтгэл догдлон ийм маягаар 8 удаа давтахад сэтгэлийн тархинд лазтай кофенд ийм их хэмжээний сахар орсон байдгийг ойлгож авна. Харин 200г лазтай кофенд 24 г сахар ордог гэж хэлвэл хүн төсөөлж чадахгүй учраас их багын хэмжээг ч мэдрэхгүй. Мэдээж ярианы дараа 5 мин ч хүрэхгүй хугацаанд мартаж орхино.

Ийм яриа, ном уншаад уран зохиолын ном уншиж байгаа юм шиг догдолж билээ. Агуу шүү.

2 comments:

Dreamcometrue said...

Их сургамжтай зөвлөгөө байна шүү. Манай хичээлүүдийн олонх нь сэтгэл хөдлөлийг хамгийн бага төшинд байлгахад "багшийн ур чадвар" шаардагддаг гэлтэй байдаг шүү. Тэгэхээр хичээлийн явцад агуулгыг сэтгэлдээ үлдээх содон аргыг өөрөө боловсруулах хэрэгтэй болох нээ.
Гэтэл нэг асуулт гарлаа.Сэтгэлд үлдэх туршлага үлдэхгүй туршлагыг уйтгартай, сонирхолтой гэсэн хэмжүүрээр хэжмжигдэнэ гэж ойлгох уу? Эсвэл ямар нэгэн өөр хэмжүүр бий болов уу?

Tsasan said...

Миний бодлоор сэтгэл хөдлөж байвал сонирхолтой гэдэг хэмжүүрт орох байх аа. Уйтгартай бол сонсоё гэж нээх бодохгүй байх аа.