Friday, December 16, 2005

Эрч хүчээр дүүрэн өдөр
Өөрөө өөртөөгөө дайн хийн байж өглөө босоод хичээлээсээ хочролгүй очсон...өнөөдрийн анхны амжилт
Хавдарын тухай биохимийн лекц ороод товч бөгөөд тодорхой ойлголт олж авсан. Нэг шоконд орохоор шинэ мэдээ гэвэл ходоодны шарх үүсгэдэг Helicobacter pylori бактерийн халдвар авахад ясны чөмөгний гаралтай хучуур эс ходоодонд энэ бактеритэй ямар нэг урвал үзүүлснээр өөрөө хавдарын эс болон хувирдаг гэсэн мэдээ байлаа. Мөн гений оношлогоогоор дөнгөж төрсөн хүүхдийг ч гэсэн ирээдүйд хөхний хавдар болох магадлал өндөр эсэхийг тодорхойлох боломжтой юм байна. Гэхдээ энэ нь этикийн асуудалтай болохоор ийм оношлогоо хийгддэггүй юм байна. Гэх мэт мэдээллүүд сонссон.
7 жилийн өмнө манай сургуулийн физиологийн тэнхимийн профессор байсан багш ирж хоолой хатах талаар лекц уншсан. Японд профессор 65 билүү 62 настайдаа тэтгэвэрт гардаг. Тиймээс хүндэт багш байсан билээ. Лекцийн арга барил нь манай Монголын их сургуулийн багш нартай төстэй OHP ашиглан, ярих маягаар байсан. Японы их сургуулиудын ижил тэнхимүүд нь хоорондоо мэдээлэл сайтай, холбоо сайтай тул янз бүрийн сургуулиас профессорууд ирж заадаг, салбар дундаа яг нэг чиглэлд судлагаа хийн мэргэшсэн багш нарын лекцийг сонсох боломжтой. Иймээс ч мэдээлэл сайтай, чанартай мэргэжлийн лекцүүд ордог. Харин нэг дутагдал гэвэл зарим профессор өөрийнхөө судлагаа хийж байгаа чиглэлээрээ дэндүү өндөр түвшны мэдээлэл өгдөг тул оюутнууд аль нь чухал вэ гэдгийг ойлгохгүй үлддэг. Гэхдээ асуувал сайн тайлбарлаж өгдөг болохоор...
Хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд баланс сайтай хоол идэхийг зөвлөдөг. Японы ахлах сургуулийн гэр ахуйн хичээл дээр өдөрт 30 төрлийн хүнс тэжээл хэрэглэхийг санал болгодог. Өнөөдөр өдрийн хоолондоо 10 төрлийн хүнс хэрэглэсэн. Тиймээс 自己管理 гэсэн зорилгоо өнөөдрийн хувьд бага боловч биелүүлсэн... хоёрдахь амжилт
Эрч хүчээр дүүрэн энэ өдрийг өнгөрөөхийг хичээнэ.

Thursday, December 15, 2005

Ойрын 4 өдөр Окаямад маш хүйтэн өдрүүд үргэлжилж байна.Ханиаднаас хамгаалахын тулд бүлээн усанд йодтой хоолой зайлдаг эм найруулж өглөө оройдоо зайлж байгаа. Та бүхэнд ч гэсэн энэ эмээр зайлахыг зөвлөе.イソジンガーグル гэдэг нэртэй аль ч аптек, эмийн газруудад хямд үнээр зарагддаг. Хоолой өвдөж эхлэж байгаа бол 2 цаг тутамд энэ уусмалыг найруулж байгаад зайлвал зүгээр болно.

Өнөөдрийн бяцхан баяр явдал
Өглөө халаагуураа залгачихаад хэвтэж байгаад гэнэт хартал 8 хагас болж байх нь тэр. Өчигдөр багш хичээл дээр тусгай лекцийн үед хоцорвол оруулахгүй, дээр нь ирцийг дүнд оруулна гэсэн байсан болохоор өнөө өглөө амьдралдаа тэгэж хурдан бэлтгэл хийж үзээгүйгээрээ яарсан билээ. 4 мин дотор гарах бэлтгэлээ хийгээд л гараад дугуйгаараа нийсээд 4 мин хоцроод орлоо. (Уг нь хичээл 8:40-с эхэлдэг.) Аз болоход багш хичээлээ эхлээгүй зочин багшийг танилцуулж байсан юм.
Өмнөх шөнө нь яс сийрэгжих өвчин ба витамин К-ийн үйлчилгээний талаар үзүүлэн бэлтгэж байсан болохоор ясний шимэгдэх механизмыг нарийвчлан уншсан байсан юм. Гэтэл өнөөдрийн Мацумото Шүдний Их Сургуулийн багш яг яс шимэгдэх механизм, цусан дахь кальцийн концентрацийн тохиргооны талаар лекц явуулсан. Гэхдээ маш маш маш ойлгомжтой, маш цэгцтэй, сонирхолтойгоор лекцийг явуулсан болохоор би жирийн лекц уншсан гэж хэлэхгүй байгаа юм. Бид нарыг төгсөөд өөрийнх нь сургуулийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаарай, судлагаа хийгээрэй, эсвэл зүгээр л айлчилж ирээрэй гээд л маш welcome хандаж байсан шүү. Зүгээр л хэлэх, зүгээр л лекц явуулах биш чин сэтгэлээсээ, оюутны төлөө гэсэн хандлагаар яриж байх нь үнэхээр гайхамшигтай байсан. Миний нүдэнд тэр багш яг л гэрэлтэж байгаа хүн шиг санагдаж билээ. Их сургуульд ихэнх багш нар оюутнуудыг дундуур явахгүй самбарын ойролцоо л лекцээ явуулдаг л даа. Гэтэл багшийг тайлбарлаж байх үед би яг аль деталийг тайлбарлаж байгааг нь олохгүй цаасан дээрх зургаа харан мунгинаж байтал мэдсэн юм шиг миний хажуугаар явахдаа шууд хуруугаараа зааж өгсөн. Тэр хичээл үнэхээр сонирхолтой байсан болохоор би нэг ч бяцхан юмыг ойлгохгүй орхивол хайран санагдаад байсан юм. Тийм болохоор тэр үед ямар их баярласан гээч. Лекцийн төгсгөлд багшийн үзүүлсэн видео үнэхээр гайхамшигтай байсан. Лекцээ оюутанд хамгийн шилдэг түвшинд ойлгуулсан гэж бодож байна. Манай ангийнхан бүгд л дуу алдан лекцийн төгсгөлд чин сэтгэлээсээ алга ташин байгаа нь мэдрэгдсэн.
Ингээд миний ойлгохгүй байсан хэдэн асуулт тэр багшийн ачаар маш тодорхой болж ирсэн билээ.
Хичээл тараад буцахдаа нэг л хөөрөөд, нэг л аз жаргалтай байсан. Өөрийн эрхгүй "Биохими мандатгуай" л гэж хэлмээр байсан.

Friday, December 09, 2005

Хүн үргэлж эрч хүчтэй шийдэмгий, урам зоригтой байж чаддаггүй тэ? Хааяа бараг ямар ч шалтгаангүй ямар ч гуниггүй, баяр баясгалангүй зогсонги байдалд орох үе байдаг уу? Юм болгонд шалтгаан байдаг уу? Нэг олон ангит кино үзэж байсан чинь "хүн эволюцийн явцад шаналах замыг сонгосон" гэдэг. Нэг бодлын тийм ч юм шиг. Гэтэл үгүйсгэмээр ч юм шиг. Хүсэл эрмэлзэл байгаа ч гэсэн хааяа сэтгэлээрээ амрах хэрэгтэй гэж зөв үү.
Зөвхөн өөрийнхөө ертөнцөд бодолдоо автан гиюүрэн суух өнөөг хүртэл бараг байгаагүй. Өнөөдөр би юу хүсэж байна вэ гэсэн асуултанд хариулж чадахгүй байна гэдэг бусад хүмүүсийн хувьд тохиолддог уу? Үүнд жирийн амьдралын ритм алдагдах, өөрөө өөртөө сэтгэл хангалуун бус байдал, төлөвлөөд түүнийгээ гүйцээж чадахгүй ч юм уу хүсэхгүй байдал хамаатай юу? Хийх ёстой гэдгээ мэдсээр байж хойш нь тавих энэ зөвхөн залхуурал уу? Эсвэл завгүй байна гэж төлөвлөж байсан зүйл гэнэт завтай болоход түүнд өөрийгөө тохируулж чадахгүй байгаа миний дасан зохицлын доголдол уу? Эсвэл хүссэн "би"-гээрээ байж чадахгүй байгаадаа юу? Ойрд өөрийгөө хөгжүүлэх ном бага зэрэг харсан. Гэтэл хүчтэй хөдөлгөгч хүч өөрөөсөө гаргаж чадахгүй компьютерийн ард суусан хэвээр. Дээр нь ийм үг хэллэг хэлж уншигчид нөлөөлж байгаа нь гайхамшиг ч гэх юм уу өөр юмыг нь ажиглаад байгаа ч юм шиг. Эсвэл өвлийнхээ ичээнд орж байгаа баавгай шиг улирлын чанартай юм болов уу? Байгалийн бус дулаанд амьсгал давхцан өмнө нь жижигхэн санагддаг өрөө том санагдах энэ ямар нэг сэтгэлзүйн өвчний эхний шинж тэмдэг үү?Эсвэл шалтгааныг нь мэдсээр өөрөө түүндээ итгэхийг хүсэхгүй байгаатай холбоотой юу? Ямар ч байсан ийм хугацаа өнөөдрөөр төгсөх ёстой.

Thursday, December 08, 2005

Өнгөрсөн семестерт Биохимийн хичээл дээр багш дараах текстыг тарааж уншуулсан юм.Уншаад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл гэвэл эмчийн ёс суртахуун, биеэ авч явах байдлын талаар янз бүрийн хичээл дээр сургуульд орсон үеэс нь эхэлж зааж зөв сэтгэлгээгээр эмч болгоход чиглүүлдэг нь сайхан санагдсан. Монголын эмчийн ёс суртахуунтай ялгаатай зүйлийг уншиж сонирхоно уу.
Монгол хэлэнд товчлон орчуулвал

Анагаахын оюутнуудад:
Анагаах ухааныг сонгосон чамаас асууя.

Эмч болох гэж байгаа чамаас асууя. Ахлах сургуульдаа физик, англи хэлэнд дуртай байсан байж магад. Гэхдээ анагаах ухаанд дуртай байсан гэвэл худлаа.(Японы ихэнх анаагаахын сургуулийн шалгалтанд бичгийн шалгалтаас гадна ярилцлагын шалгалт авдаг.) Японы аль ч ахлах сургуульд анагаах ухааныг заадаггүй юм.Тиймээс анагаах ухаан сонирхолтой учраас эмч болохоор шийдсэн гэх нь байж болзошгүй эд. Чи өөрөө энэ ухаанд дуртай үгүйгээс үл хамааран, сонгосон гэдэг бодит байдлаа хүлээж авахаас өөр аргагүй. Дуртай дургүйгээ мэдэхгүй байж өөр шалтгаанаар энэ мэргэжлийг сонгосон чамд өөрт чинь л хариуцлага ноогдоно.Иймээс хичээл сонирхолгүй байна гээд хичээл таслахыг зөвшөөрөхгүй.

Дараа нь чамаас асууя.Хүмүүсийн өмнө анагаах ухааныг сонгосон шалтгаанаа хэлж чадах уу?"Ирээдүйд эдийн засаг, нийгмийн хувьд боломжийн байр суурьтай" гэхээс өөр хариу хэлж чадахгүй бол Дантегийн Divine Comedy-ийг уншиж төгсөг.( Японд хамгийн хүндтэй 先生 гэж дуудагддаг мэргэжил нь эмч, багш, өмгөөлөгч байдаг.)Чадахгүй бол өөр мэргэжил рүү шилж.

Цааш нь асууя. Бусдад зориулах, өөрийгөө золиослох урам зориг чамд байгаа юу? Эмчийн мэргэжил олон ангит кинон дээр гардаг шиг тийм сайхан эд биш. Хүнд өвчтөний төлөө хэдэн хоног дарааллан жижүүрлэж, яаралтай өвчтөний төлөө амралтынхаа төлөвлөгөөг гэнэт болих зэрэг өдөр тутам тохиолдох асуудал. Нас барах өвчинд шаналан уйлах өвчтөний сэтгэл зүрхийг дагах сэтгэл чамд байна уу?Чамаас шаардагдана. Эмчийн мэдлэг дутууг өршөөхгүй. Дутуу дулимаг мэдлэгтэй эмч болвол гэмгүй өвчтөнийг үхүүлнэ. Мэдэхгүй өвчний оношийг тавина гэж худлаа. Мэдэхгүй өвчнийг эмчлэнэ гэж худлаа.Эцэст нь өөрийн хариуцлагагүй байдлаас болсон гэх сэтгэлгүйгээр "янз бүрийн арга хэрэглэсэн ч аварч чадсангүй, харамсалтай байна"гэх нь дэндүү ичмээр.
Ийм эмч болмооргүй байгаа бол "сайн сураад, сайн тогло" гэдэг үгийг март. Анагаахын оюутанд "сайн сураад, сайн сур" гэхээс өөр зам байхгүй гэдгийг ойлго.

Эмчийн улсын шалгалтанд тэнцээгүй оюутан аль ч сургуульд байдаг. Бүгд тэнцсэн ч болохоор шалгалтанд 10, 20% нь унадаг нь эмч гэдэг мэргэжлийн хүнд хариулагыг мэдрээгүйгээс болж байгаа юм. Чи өөрөө, чиний хамгийн хайртай хүн хүнд өвчинд баригдсан тохиолдолд дутуу дулимаг мэдлэгтэй эмчийн гарт тэр амийг даатгаж чадах уу? Эмч мэдэхгүй байж болохгүй. Эмч болно гэдэг айж чичирмээр зүйл.

Эцэст нь чамд хэлье. Эмчийн 2 баяр баясгалан байдаг юм. Эхнийх нь эмчлэгдэн эрүүл мэндээ эргүүлэн олж авсан өвчтөний баяр бол мөн эмчийн баяр. Дараагийнх нь энэ орчлонгийн хүмүүн төрөлхтөний төлөө анагаах ухааны нээлт хийх баяр.

Ингээд чи сайн сурч бурхан шиг энэрэнгүй, гарын дүйтэй сайн эмч боллоо гэе. Тэгвэл хэдэн өвчтөнг эмчилж чадах бол? Өдөрт 10 цаг, жилд 300 хоног, нийт 50 жил ажиллалаа гэж бодъё. Тэглээ гээд ихдээ 900000 өвчтөнг үзнэ. Гэтэл энэ нь Японы хүн амын 1%-д ч хүрэхгүй, дэлхийн хүн амыг тооцсоны ч хэрэггүй.

Инсулины нээлтийн өмнө эмч чихрийн шижингийн комонд орсон хүнд өвчтөнгийн өмнө тэдний төлөө юу ч хийж чадахгүй арга мухардан суудаг байсан. Харин Бантинг, Бест нарын ололтоор дэлхийн өнцөг булангийн хэдэн зуун сая хүн аврагдаж одоо ч аврагдсаар байна.

Эхний баярыг амсахын төлөө зүтгэх нь эмчийн үүрэг. Гэвч нэгээр дуусахгүй хоёр дахь баярыг амсахын төлөө ч зүтгээсэй гэж хүсэж байна. Сэтгэлийн жинхэнэ тайвшралыг авчрах нь эд баялаг, нэр хүнд, байр суурь биш хүний төлөө гэсэн хүчин зүтгэл юм шүү.

医学生へ 医学を選んだ君に問う    前金沢大学付属病院長 河崎 一夫

(2002年4月16日付けオピニオン欄)